Хайлт

Thursday, February 18, 2016

Монгол хэлний викитоль хууль зүйн нэр томьёогоор баяжлаа

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан монгол хэлний викитолийг олон улсын, нээлттэй, өргөн оролцооны википедиа толийн технологид түшиглэн бүтээн хөгжүүлж, эхний ээлжинд 50 мянга гаруй үг хэллэгийн дэлгэрэнгүй тайлбарыг оруулаад байна. Мөн үгийн дуудлага, этгээд үг, хэвшмэл, өвөрмөц хэлц, кирил болон монгол бичгийн зөв бичихзүйн толиудыг системчлэн нэгтгэж, тасралтгүй хөгжүүлэх үүднээс салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс өргөнөөр, нээлттэйгээр оролцуулах боломжийг бүрдүүллээ.
Монгол хэлний викитоль нь цаашид олон нийтийн оролцоотойгоор тасралтгүй өргөжин хөгжих бөгөөд эх хэлний хөгжил, нийт оюутан сурагч, багш сурган хүмүүжүүлэгч, иргэний эх хэлний мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах үүднээс мэргэжлийн нэр томьёогоор баяжуулж байна. Энэхүү ажлын хүрээнд, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн эх толь бичиг” номын 500 гаруй нэр томьёоны тайлбар монгол хэлний викитольд орж, цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл боллоо.
Монгол хэлний викитольд нэвтрэн нэр томьёоны дэлгэрэнгүй тайлбарыг үзээрэй.

Friday, January 22, 2016

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ эрдэм шинжилгээний хурал боллоо

БСШУЯ-ны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан, БМДИ, Боловсролын хүрээлэн, МУИС, МУБИС болон Нээлттэй боловсролыг дэмжих төв хамтран "НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд ЕБС-иудын багш нар, боловсрол судлалын чиглэлээр ажиллаж байгаа багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаачид, Дорнод, Дархан-Уул аймгийн багш нар, Өмнөговь аймгийн Боловсролын газрын дарга, багш бэлтгэдэг их дээд сургуулиудын бакалавр, магистрант, докторантууд оролцлоо.
IMG_6673

d

SODO9543

IMGL3732
Эрдэм шинжилгээний хуралд нээлттэй боловсролын чиглэлээр сургалт явуулан Хан Академи, Геогебра зэрэг нээлттэй эхүүдийг сургалтандаа ашиглаж буй сургуулиудын багш, судлаачид оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн юм.
Багш нарын илгэлийг шүүх үнэлгээний коммист БМДИийн Цахим сургалтын албаны дарга П.Зохихсүрэн, Боловсролын Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Энхтогтох, НМБСийн гүйцэтгэх захирал Б.Бурмаа, МУБИСийн Мэдээлэл Зүйн тэнхимийн эрхлэгч Д.Цэдэвсүрэн, МУИС, ШУС-ийн Сургалтын албаны эрхлэгч А.Амарзаяа, МУИС, ШУС-ийн багш Д.Түмэнбаяр нар оролцож илтгэгчдийг шинэлэг санаа, аргазүй, ач холбогдол, илтгэсэн байдал гэсэн үзүүлэлтээр оноо өгч дүнгээ гаргасан юм.
P1000458
Эрдэм шинжилгээний хуралд урьдчилсан шатанд шалгарсан 14 илтгэл оролцсоноос МУБИСийн МБУСийн багш Б.Золзаяа, Б.Бадамсүрэн, Ц.Гэрэлтуяа нарын "Хан Академийн видео хичээлийг ЕБСийн сургалтанд хэрэглэх боломж, туршилт" илтгэл тэргүүн байрт шалгарлаа. Хоёрдугаар байранд МУИСийн ШУСийн багш Ц.Навчаа Л.Янжинлхам, С.Мягмарлхам нарын "Геогебра программаар математикийн хичээлийн хэрэглэгдэхүүн хэрэглэхдээ ГеогебрТубе ашиглах нь" илтгэл, Орчлон ОУСийн багш А.Хишигнямын "Математикийн сургалтыг илүү үр дүнтэй болгох нэгэн боломж" илтгэл, гуравдугаар байранд Математикийн цаг сонины ажилтан, багш Т.Батчимэгийн "Хан академийн видео хичээлүүд шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг болох нь" илтгэл, МУБИСийн МБУСийн багш Э.Чойсүрэнгийн "Геогебра программ ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж туршсан судалгааны үр дүн" илтгэл, МУИС, ШУС-ийн багш П.Мэнд-Амгалан, М.Хуанган, Д.Эрдэнэсувд нарын "Технологийн дэвшлийн ашиглан сургалтыг үр дүнтэй явуулах туршлагаас" илтгэл тус тус шалгарлаа.
0062015-2016 оны хичээлийн жилээс шинэ зорилготой, шинэ арга зүйд тулгуурласан Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр агуулгын зөрөө гарах, арга зүйн хувьд өөрчлөлт хийх зэрэг тодорхой цаг хугацаа бэлтгэл шаардлагатай хүндрэлүүд гарч байгааг илтгэгч багш Т.Батчимэг онцлон багш нар сургалтын шинэ арга барил, хандлагаас хоцролгүй сургалтандаа ашиглаж байгааг дурдаад БСШУЯ-аас санаачлан Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас хэрэгжүүлж буй Хан Академийн нээлттэй видео хичээлүүд боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хэрэгцээтэй сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болж чадаж байгааг онцолсон юм. НМБСангаас Монгол хэл дээр орчуулан бэлтгэсэн математикийн видео хичээлүүдийн 52% нь суурь боловсролын агуулгад хамаарч тохирч байгаа ба 95% агуулгын хувьд тохирч байгаа нь өдөр ирэх тусам хэрэгцээ шаардлага нь өөрчлөгдөж байгаа уламжлалт танхимын сургалтын загварыг цахим технологитой хослуулан ашиглах бүрэн боломжтойг харуулж байна.
001
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон илтгэлүүдээс:
Б.Золзаяа, Б.Бадамсүрэн, Ц.Гэрэлтуяа, Хан Академийн видео хичээлийг ЕБСийн сургалтанд хэрэглэх боломж, туршилт
"... 20-р сургуулийн математик, англи хэл, биологи, түүх, мэдээлэл зүйн зургаан багшид сургалт явуулж, МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн 4-р ангийн 75 оюутанд Хан Академийн видео  хичээлийг  ойлгуулах,  төгсөөд  ашиглах  боломжийг  хангах,  өөрсдийн боловсруулсан  аргачлалыг  ашиглах,  сайжруулах  зорилгоор  "Вэб  дизайн" гэсэн анги үүсгэн оюутнуудын 309-112 минутын хичээлд (activity) оролцсон.
Туршилт,  судалгааны  үр  дүнд  Хан  Академийн  видео  хичээлийг  сургалтад  хэрэглэх нь багш болон суралцагчийн мэдлэг, чадварыг зайн сургалтын (онлайн) хэлбэрээр хөгжүүлэх,   өөрийн   үнэлгээ   хийж,   ахиц,   амжилтыг   хянах   боломжтой.   Энэхүү нээлттэй боловсролыг судалснаар дараах давуу талуудтай гэж үзэж байна.
Багшид:
  • Суралцагчдаа онлайнаар удирдах, зохион байгуулах
  • Анги, суралцагчийн ахиц амжилтыг харах, хянах (үнэлгээ)
  • Хамтран суралцах
  • Туршлага судлах
Суралцагч:
  • Өөрийн хүрсэн түвшин, ахицаа харах
  • Өөрийн түвшин, хурдаар суралцах
  • Суралцагч урамших, суралцах хүсэл тэмүүлэл бий болох
  • Бие даан суралцах...
Төсөлт ажил хийх
  • Хан  Академийн    хичээлүүдийг    ЕБС    болон    их    дээд    сургуульд    ашиглах, багш  болон  суралцагч  хөгжих  боломж  байгаа  тул  багш  бэлтгэдэг  их  дээд сургуулийн хөтөлбөрт тусгах
  • Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зайн (онлайн) болон захиалгат сургалтуудын хөтөлбөрт тусгах..."P1000476
Т.Батчимэг, Суурь боловсролын математикийн шинэчилсэн хөтөлбөр ба Хан Академийн видео хичээлүүдийн агуулга хоорондын уялдаа
"...Боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хэрэгцээтэй сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болж байна. Мөн ихэнх хичээлүүд нь амьдрал ахуйн асуудлыг дэвшүүлэн, шийдвэрлэх замаар хийгдсэн ньсурагчдын сонирхлыг татах, бие даан суралцах идэвхийг нэмэгдүүлэх, цаашид суралцах сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна.
Анги бүрийн сурагчдын эзэмшвэл зохих суралцахуйн зорилтын тодорхой хувийг хамарч байгаа нь монгол хэлнээ хөрвүүлэх энэхүү ажил бүрэн дуусахад агуулгын тохироц ямар байхыг дахин судлах шаардлагатай гэдгийг харуулж байна.
Хан    Академийн    хичээлүүд    нь    амьдрал    ахуйтай    холбоотой    асуудлыг шийдвэрлэх  замаар  бэлтгэгдсэн  байдаг  нь  арга  зүйн  хувьд  шинэ  хөтөлбөрийн хэрэгжилтийг  хангахад  багш,  сурагчдад  дэмжлэг  болох  боломжтой  юм.  Мөн ердийн нэг онолын тайлбар биш, сурагчидтай энгийн байдлаар амьд харилцаа үүсгэдэгээрээ   давуу   талтай.   Дасгал   ажлууд   нь   тодорхой   нэг   асуудлыг  олон загвараар   шийдвэрлэсэн   байдаг   нь   сурагчдыг   илүү   бүтээлч   хандлагатай болгох, эрэл хайгуул хийх сонирхол төрүүлэх зэрэг ач холбогдолтой юм..."
SODO9439
Э.Баасанцэрэн, ЕБС-ийн нийгмийн ухааны сургалтад онлайн эхүүдийг ашиглаж суралцагчийг хөгжүүлэх нь
"...Үндэсний болон дэлхийн түүхийн хичээл дээр Хан Академийн видео хичээлүүд, монголын болон  дэлхийн  түүхэн  дэх  суут  хүмүүс,  чухал  үйл  явдлуудыг  үнэн бодитоор   харуулсан   уран   сайхны   болон   баримтат   кинонуудыг   ашиглаж байгаа нь суралцагчдын идэвх сайжрахад нөлөөлж байна."
P1000428
Орчлон ОУСийн багш А.Хишигням, Математикийн сургалтыг илүү үр дүнтэй болгох нэгэн боломж
"...Ямар  нэг  шалтгаанаар  зарим  сурагчдын  мэдлэг  чадвар  дахь  сургалтын  алдаа дутагдал  эрт  эхэлж,  тэр  алдаа  дутагдлыг  засах  хүртэл  алгебр  болон  түүнээс цаашихыг  эзэмших  боломж  улам  багассаар  л  эцэстээ  "Хоцрогдолтой  сурагч" гэсэн  нэрэнд  дасгахаас  өөр  дэвшил  үгүйгээр  багш  нар  бид  дунд  сургуулийн математикийн курсыг орхиулж байгаа нь нууц биш юм.
Энэ  сул  талыг  засах  нэгэн  боломжийг  Хан  Академи  гэж  үзсэний  учир  нь сурагчдын  алдаа  дутагдлыг  олж  илрүүлчихвэл  засаж  арилгаж  болох  бөгөөд  бат бөх  бус  суурийг  нь  дахин  босгосноор  хүүхдүүд  харьцангуй  жигд,  түвэггүй  шат ахих боломжтой юм.
Бараг   бүх   сурагчдад   нөхөн   сэргээлт   хэрэгтэй,   алдаа   дутагдлыг   нь   олж илрүүлэн  засах  нь  цаг  маш  ихээр  хэмнэж,  урт  хугацааны  турш  хадгалагдан үлдэх гүнзгий сурах үйл болон хувирч байдаг."

Tuesday, December 29, 2015

БМДИийн сургагч багш, арга зүйчдэд зориулсан “Хан Академийн нээлттэй хичээлүүдийг сургалтад ашиглах нь” сургалт зохион байгууллаа

                                             



Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй нээлттэй боловсролыг дэмжих төслийн хүрээнд  Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас санаачлан, БМДИийн сургагч багш нар, арга зүйчдэд дунд нээлттэй боловсролын арга хэлбэр болох Хан Академийн нээлттэй хичээлүүдийг сургалтад ашиглах боломжуудын талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үндсэн сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа юм.

БСШУ-ы сайдын 2013 оны 08 сарын 09-ний өдрийн А/287 тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-д заагдсан 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтыг БМДИ-ээс зохион байгуулахаар болсон бөгөөд багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад оролцогчид нээлттэй боловсролын арга хэлбэр болох Хан академийн видео хичээлүүдийг сургалтанд ашиглах боломжууд, тэдгээрийн арга зүй болон суралцагчид нь бие даан суралцах, хичээлээ давтах, эцэг эхчүүдэд хүүхдүүдтэй хамтран суралцах сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглахад нь туслан чиглүүлэх мэдлэг чадвартай болох хэрэгцээ урган гарч байна.

Сургалтыг НМБСийн ХАийн математикийн багийн зохицуулагч Ц.Навчаа багш удирдан явуулж, Хан Академийн нээлттэй видео хичээлүүдийг хэрхэн үр дүнтэйгээр хэрэглэх, сурагч, бие даан суралцагсдад хэрхэн хүргэх, сургалтын хөтөлбөртэйгээ хэрхэн хослуулж ажиллан, сурагчдын бие даан суралцахад яаж уялдуулах талаар танилцууллаа. Мөн сургалтын үеэр нээлттэй боловсролын www.one.mn вэб сайтыг арга зүйч багш нарт танилцуулсан юм. www.one.mn сайт нь багш нарын бэлтгэсэн видео хичээлүүдийг байршуулан сурагч, бие даан суралцагсадад үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг олгодог нээлттэй вэб сайт юм. Түүнээс гадна уг сайтад хүссэн багш нар өөрсдийн хичээлийг байршуулах боломжтойгоороо давуу талтай. Сургалтын үеэр багш нарт нээлттэй хичээл бэлтгэх арга замууд, төхөөрөмжүүд зэргийг танилцуулж Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас эрхлэн гаргасан монгол бичгийн хичээлийг хэрхэн бэлтгэсэн тухай товч харууллаа.
Сургалтын төгөсгөлд оролцсон арга зүйч багш нарын дунд тэмцээн зохион байгуулж, шалгарсан 3 багшийг Нээлттэй Мэдлэг Боловсрлоын Сангаас орчуулан гаргасан “НЭГ Дэлхийн сургууль” номоор урамшуулав. 


Дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалт болох  АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын математик, дэлхийн түүх, мэдээлэл зүй, биологи, багшийн хэрэглэгдэхүүний  хичээлүүдийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас санхүүжүүлэн НМБС, багш нарын өргөн оролцоотойгоор 800 гаруй видео хичээлийг монгол хэл дээр хөрвүүлэн бэлтгэж багш, суралцагч, эцэг эхчүүүдэд нээллтэй, үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар бэлэн болгон www.mn.khanacademy.org  сайтад байршуулаад байна.





Tuesday, December 15, 2015

"Монгол хэл бичиг цахимд" эрдэм шинжилгээний бага хурал боллоо

БСШУЯ болон Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас санаачлан, зохион байгуулсан "Монгол хэл бичиг цахимд" эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагаас Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн Дээд Сургуулийн хүндэтгэлийн танхимд боллоо.


Мэдээллийн технологи, цахим хэрэглээ хөгжиж буй өнөө үед монгол хэл, бичгийн цахим дахь хэрэглээний тухай сэдэв хөндсөн нь цаг үеэ олсон чухал сэдэв гэдгийг хуралд оролцогчид хэлж байв.

Friday, November 6, 2015

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан болон Киносан.мн хамтран "Монгол хэл ба кино" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан болон Киносан.мн хамтран кино урлагаар дамжуулан Монгол хэлний дархлааг хамгаалах, зөв найруулгазүйн жишиг тогтоох, улмаар Монгол хэлний викитоль онлайн тайлбар толийн санг баяжуулах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд маргаантай болон буруу бичигддэг үгсийг эрдэмтэн судлаач, доктор профессорууд болон цахим сүлжээний идэвхтэн гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнг нь зарлаж, жишиг болгон Киносан.мн сайтын мэдээллийн сан болон Викитоль.мон нээлттэй цахим тайлбар толь бичгийн санд оруулж байх юм.

Ингээд эхний хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулж байна.

Орчин цагийн үлгэр домгийн үлэмж шидэт баатрууд болох Аалзан-хүн, Төмөр хүн, Шоргоолж-хүн зэрэг баатруудыг хэрхэн зөв бичих талаар салбарын судлаачдын тайлбарласныг хүлээн авна уу.
Үр дүн: Кино санд
Шоргоолж-хүн http://kinosan.mn/content/1369

Үр дүн: Монгол хэлний викитольд

Зохион байгуулагч