Хайлт

Wednesday, April 15, 2015

“НЭГ МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЖ УИХ-ЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ


Энд хүрэлцэн ирсэн профессор багш нар, боловсролын салбарын хамт олон та бид чухал үйл явдлын нээлтэд оролцож байна.
Төр засгийн түвшинд, иргэдийн дунд, улс орон даяараа Монгол Улсаа хэрхэн хурдтай хөгжүүлэх вэ, хөгжингүй орнуудын түвшинд хэрхэн хурдтай хүрэх вэ гэдэг сэдвээр байнга хэлэлцүүлэг, ярилцлага явагдаж байдаг. Иргэний танхим ч гэсэн энэ төрлийн хурал зөвлөгөөн явуулдаг газруудын нэг юм.
Монгол Улсын хөдөлгөгч хүч бол боловсрол мэдлэгтэй, чадвартай монгол хүн юм. Үүнээс өөр гарц бодож олоогүй. Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын Эдийн засгийн чуулган дээр “монгол хүний хөдөлмөрийн бүтээмж өдөрт 5 ам.доллар, харин дэлхийн хэмжээнд энэ үзүүлэлт дундажаар 50-60 ам.доллар" гэсэн тоо баримт дурдагдаж байна билээ. Тэгэхээр бид дэлхийн түвшинд ажиллаж, амьдрахын тулд, дэлхийн түвшинд цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин өсгөх шаардлагатай. Гэхдээ бидэнд үүнийг хийх 100 жил байхгүй.
Мэдээж уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил бидэнд бололцоо олгоно. Энэ бололцоог улс үндэстнийхээ тогтвортой хөгжил болгох үндсэн шийдэл бол бид бүтээмжээ богино хугацаанд эрс дээшлүүлэх  шаардлага байна. Тэгвэл бүтээмжээ хэрхэн нэмэх вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ажлын орчин үеийн арга барил, технологи нэвтрүүлэх, хүмүүсээ өндөр мэдлэг, чадвартай болгохоор шийднэ, өөр зам бидэнд байхгүй. 3 сая иргэдээ тасралтгүй суралцаж, хөгжиж байх насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо, боломжоор хангаж, боловсролтой 3 сая иргэнээ өргөнөөр татан  оролцуулах сонголт байгаа. Өөр явах зам үндсэндээ байхгүй гэсэн үг.
Ийм тогтолцоо, боломжийг бүрдүүлэгч-дэлхий даяар эрчимжиж буй шинэ сэтгэлгээ, шинэ хөдөлгөөний үндэс нь “Нээлттэй мэдлэг, боловсролын тухай санаачлага”-ууд юм. 2013 оны 10 дугаар төсөв хэлэлцэж байхад УИХ-аас 2014 оны улсын төсөвт “Нээлттэй мэдлэг боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг дэмжих хөрөнгийг  баталсан. Үүгээр Боловсрол, Соел, Шинжлэх Ухааны яам тендэр зарлаж, "Нээлттэй боловсролын сан" шалгарч, АНУ-ын ХАН академийн эхний 500 видео хичээлийг олон нийтэд, захиалагчдаа хүлээлгэн өгч байна.
Боловсрол, Соёл,Шинжлэх Ухааны яам, “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-тай богино хугацаанд эрчтэй, үр бүтээлтэй хамтран ажилласныг энд тэмдэглэж, УИХ-ын даргын хувьд, мөн энэ санаачлагыг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, Н.Батцэрэг гишүүн, Л.Гантөмөр сайд болон яамны ажилтнууд, “Нэг Монгол” төслийн багт баяр хүргэе.
Эдгээр видео хичээлүүд бол их ажлын эхний үр дүн. Эдгээр видео хичээлүүд манай багш нарт шинэ санаа өгч, тэднийг нээлттэй боловсрол, нээлттэй мэдлэгийн хөдөлгөөнд дуудан оролцуулах дохио болно. Түүнээс бүх асуудлыг үүгээр шийднэ гэж үзэхгүй байгаа юм. Олон мянган багш эрдэмтэд, инженер, мэргэжилтэн, оюутан, сурагчдыг хамарсан том хөдөлгөөн болно бодож байна. Мөн Монгол Улс өөрөө дэлхийн нээлттэй мэдлэгийн санаачлагуудад идэвхтэй оролцож бусадтай мөр зэрэгцэн явах юм.
Улсын төсвөөс энэхүү санхжүүжилтийг баталсан өөр нэг зорилго бол 3 сая иргэнийхээ тасралтгүй сурч боловсрох, чадваржих орчин, дэд бүтцийг бий болгох байв. Миний үеийнхэн бол 10, 20 жилийн өмнө дээд сургууль төгсөөд, одоо миний мэдлэг боллоо гээд орхидог байсан. Одоо нийгэм өөрчлөгдөж, тасралтгүй суралцахгүй бол хоцрогдоно гэдэг ойлголттой болсон байна. 
Нээлттэй боловсролын энэ санаачлагуудад УИХ өндөр ач холбогдол өгч, тууштай дэмжих зорилготой ажиллаж байна. Видео хичээл орчуулахаас гадна Монголын сургалтын бүхий л системд бий болж буй энэ их мэдлэгийг ямар нэг саадгүйгээр суралцахыг хүссэн бүх хүнд хүртдэг байхыг дэмжих чиглэлээр дараа, дараагийн Ажлын хэсэг байгуулсан, мөн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогодоо тусган оруулсан зэргээр УИХ ажиллаж байна.
Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засагтай, дэлхийн 7 тэрбум хүний дунд өрсөлдөн амьдрах чадварлаг иргэдтэй, тасралтгүй суралцаж, хөгжиж байдаг үндэстэн болох зорилготой. Бид 3 сая хүн дотроо өрсөлдөх бага хэрэг болсон, бид дэлхийн бүх хүнтэй өрсөлдөж ажилд орох шаардлага тулгарч байна. Ажил  глобалчлагдаж байгаа учраас тэр хэмжээний мэдлэг, чадварыг шаардаж байна. Нээлттэй мэдлэг боловсрол нь монголын боловсролын бодлогын тэргүүлэх хэсэг цаашдаа болно гэдгийг хэлье. Та бүхэнд амжилт хүсье.
                Анхаарал тавьсанд баярлалаа!
Эх сурвалж:
parliament.mn

Tuesday, April 14, 2015

Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа.

Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд  ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг боловсролын бодлогод тусгаснаар НЭГ зорилготой, мэдлэг чадвартай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын үндсийг шинээр дэвшүүлэн тавьж, интернэт технологид суурилсан, нээлттэй, насан туршийн боловсрол эзэмших боломжийг бий болгож, бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Эдгээр ажлуудыг шат дараатайгаар танилцуулах ажлын эхлэл болгож, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас 2014 оны хичээлийн жилд нээлттэй боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж,  дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай нээлттэй сургалт болох АНУ-ын Хан академийн 500 видео хичээлүүдийг монгол хэлнээ орчуулан, багш сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэж, сургалтад хэрхэн ашиглах талаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулсан ажлын үр дүнгээ танилцууллаа.  http://mn.khanacademy.org  





Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул монгол хэл дээр бүрэн болгож, сургалтын хөтөлбөрт  суусан хичээлүүдийг Хан Академийн видео хичээлтэй агуулгын тохироц хийж,  сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн хэлбэрээр дэмжиж өгөх ажлуудыг 2015-2016 оны хичээлийн жилд үргэлжилнэ.
Төрийн ордны Иргэний танхимд болсон уг арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр нар нээж, ИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Бямбацогт, С.Ганбаатар, салбарын яамны удирдлагууд, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн төлөөлөгчид болон салбарын мэргэжилтнүүд оролцов.



Төслийн үр дүнг танилцуулах ажиллагааг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлэв. Тэрээр “Бид дэлхийн түвшинд ажиллаж, дэлхийн түвшний цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин нэмэх шаардлагатайг харж болно. Бүтээмжээ нэмэгдүүлэх арга бол бид нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ажлын орчин үеийн арга барил, технологи нэвтрүүлэх, хүмүүсээ өндөр мэдлэг, чадвартай болгох юм. 3 сая иргэнд тасралтгүй суралцаж, хөгжиж байх насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо, боломжоор хангах юм. Ийм тогтолцоо, боломжийг бүрдүүлэгч дэлхий даяар эрчимжиж буй шинэ сэтгэлгээ, шинэ хөдөлгөөний үндэс нь Нээлттэй Мэдлэг, Боловсролын Сангийн санаачлагууд юм. Сургалтын системд байгаа мэдлэгийг суралцахыг хүссэн хүн бүр хүртэх боломжтой нээлттэй байхыг дэмжих нь Монголын төрийн бодлогын тэргүүлэх хэсэг байх бөгөөд УИХ энэ чиглэлд өндөр ач холбогдол өгч, цаашид улам эрчимжүүлэхэд тууштай дэмжих зорилго тавьж байгаа” гэлээ.

Тус арга хэмжээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ, орчин үеийн техник, технологийн дэвшлээс сургалтын арга хэлбэрийг ангид авч үзэх аргагүй. Тийм ч учраас Монгол Улсын боловсролын системд цахим сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэн ашиглаж байна. 2014 онд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчдад байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим лаборатори бүтээж, нээлттэй эх үүсвэр болгосон. Харин энэ зорилгын  нэг хэсэг  нь  "НЭГ Монгол" хөтөлбөр юм. Энэ удаад ХАН Академийн 500 видео хичээлийг орчуулан, олон нийтэд хүргэж байгаа бол 2015 оноос онлайн сургалтын системийг монгол хэлээр бүрэн ашиглах, виртуаль ангид суралцах боломжийг бүрдүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ гэлээ. 
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж ажилласан ажлын үр дүнг үнэлж Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн гүйцэтгэх захирал Б.Бурмаа, математикийн багийн ахлагч А.Амарзаяа нарыг  “Хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн бодлогийг хэрэгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хичээл зүтгэлийг үнэлэн талархалын бичгээр шагналаа.



Мөн үйл ажиллагааны үеэр тус Сангийн зүгээс төслийн үйл ажиллагаанд идэвхи санаачилга гарган оролцсон математикийн багийн ахлагч А.Амарзаяа, математикийн багийн гишүүн Ц.Навчаа болон түүхийн багийн ахлагч Н.Нарантуяа нарыг батламж, дурсгалын зүйлээр шагнаж, урамшуулав.





УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Хан Академийн нээлттэй сургалтын видео хичээлүүд бол их ажлын эхний үр дүн. Эдгээр видео хичээлүүд манай багш нарт шинэ санаа өгч, тэднийг нээлттэй боловсрол, нээлттэй мэдлэгийн хөдөлгөөнд дуудан оролцуулах дохио болж байна. Олон мянган багш эрдэмтэд, инженер, мэргэжилтэн, оюутан, сурагчдыг хамарсан том хөдөлгөөн болно бодож байна. Мөн Монгол Улс өөрөө дэлхийн нээлттэй мэдлэгийн санаачлагуудад идэвхтэй оролцож бусадтай мөр зэрэгцэн явах юм.” гэсэн нь төрөөс нээлттэй боловсролын энэ санаачлагуудад өндөр ач холбогдол өгч, монголын багш, сурагчдыг нээлттэй боловсролын давалгаанд нэгдэхийг уриалсан томоохон эхлэл боллоо.