Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан монгол хэлний викитолийг олон улсын, нээлттэй, өргөн оролцооны википедиа толийн технологид түшиглэн бүтээн хөгжүүлж, эхний ээлжинд 50 мянга гаруй үг хэллэгийн дэлгэрэнгүй тайлбарыг оруулаад байна. Мөн үгийн дуудлага, этгээд үг, хэвшмэл, өвөрмөц хэлц, кирил болон монгол бичгийн зөв бичихзүйн толиудыг системчлэн нэгтгэж, тасралтгүй хөгжүүлэх үүднээс салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс өргөнөөр, нээлттэйгээр оролцуулах боломжийг бүрдүүллээ.
Монгол хэлний викитоль нь цаашид олон нийтийн оролцоотойгоор тасралтгүй өргөжин хөгжих бөгөөд эх хэлний хөгжил, нийт оюутан сурагч, багш сурган хүмүүжүүлэгч, иргэний эх хэлний мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах үүднээс мэргэжлийн нэр томьёогоор баяжуулж байна. Энэхүү ажлын хүрээнд, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн эх толь бичиг” номын 500 гаруй нэр томьёоны тайлбар монгол хэлний викитольд орж, цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл боллоо.
Монгол хэлний викитольд нэвтрэн нэр томьёоны дэлгэрэнгүй тайлбарыг үзээрэй.