Боловсрол Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж
буй төслийн хүрээнд Нээлттэй Мэдлэг
Боловсролын Сангаас ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулж, "Нээлттэй боловсролын Хан Академийн
математикийн видео хичээлүүдийг сургалтад ашиглах нь" сэдэвт
сургалтыг 2014 оны 11 дүгээр сар 18-ны өдөр зохион байгууллаа.
Уг сургалтад 55 орчим ЕБС-иудын математикийн багш, багш нарын мэргэжил
дээшлүүлэх институтын сургагч багш нарыг хамруулж, монгол хэл дээр хөрвүүлсэн дунд, ахлах ангийн
математикийн цахим хичээлийг сурагч, бие даан суралцагсдад хэрхэн хүргэх,
сургалтын хөтөлбөртэйгээ хэрхэн хослуулж ажиллан, сурагчдын бие даан суралцахад
яаж уялдуулах талаар мэдлэгээ баяжуулж, нээлттэй боловсролын сэдвээр санал
бодлоо хуваалцлаа.
Дэлхий даяар хамгийн
өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалт болох АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын
сургуулийн сургалтын математик, дэлхийн түүх, биологийн хичээлүүдийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас санхүүжүүлэн
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн баг, багш нарын баг бүрэлдэхүүнтэйгээр
монгол хэлнээ орчуулан ажиллаж байна.
Энэ удаагийн сургалтаар нээлттэй боловсрол, Хан Академийн дунд ахлах
ангийн видео хичээлийн тусламжтайгаар
сурагцагсдыг танхимаас олж авсан мэдлэгээ хэрхэн сэргээн баяжуулж, сургалтын
нэмэлт хэрэглэгдэхүүнээр хэрхэн ашиглах сэдвээр явагдсан.
Хан Академийн хичээлүүдийн үргэлжлэх хугацаа
3-15 минут бөгөөд математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд,
мэдээллийн технологи, хүмүүнлэг, түүх, SAT, GMAT шалгалтанд бэлтгэх зэрэг
ерөнхий боловсролын сургалтын сэдвүүдийг хамруулсан 6000 орчим видео
хичээлүүдтэй. Хан академийн
онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл
биш сургалтын агуулга, технологи, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан
сургалтын бүрэн системийг бий болгосон.
Хан академийн онлайн, нээлттэй сургалт нь суралцагсдад тухайн хичээлийн
шинжлэх ухааны ойлголтыг таниулж, хийсвэр мэдлэгтэй болгоход биш түүний учир
шалтгааныг ухаарч ойлгон төвөггүйгээр эзэмшин суралцах, бүтээж суралцах арга
чадвартай болгож, ойлгосноо хэрэглэх, ашиглах бодитой ур чадвартай болгож
байна. Мөн суралцагчыг өөрийгээ үнэлж, ахиц, өөрчлөлтөө хянаж, сургалтыг өөрийн
боломждоо нийцүүлэн системтэйгээр шатлан суралцаж, харьцангуй богино хугацаанд
бодитой чадвартай, суралцах арга барилтай, бүтээлч сэтгэлгээтэй болох юм.
Хан
Академийг үүсгэн байгуулагч Салман Ханы нээлттэй боловсролын талаар өгүүлсэн
"Нэг Дэлхийн Сургууль" монгол хэлнээ орчуулагдан гаргасан уг номонд Сал Хан
анх удаа ирээдүйн боловсролын талаарх радикал үзэл бодлоо илэрхийлсэн төдийгүй
өөрийн гайхалтай түүхийг өгүүлсэн юм. Уг номын талаар Микрософт корпорацийн
үүсгэн байгуулагч Билл Гэйтс "Бусад хүмүүсийн адил эдгээр гайхалтай
хэрэгслийг хүүхдийнхээ хамт хэрэглэж байж л Салман Хан болон Хан Академийн
талаар мэдэж авсан. Технологи хэрхэн боловсролын үндсээр нь өөрчлөн талаар Ханы
үзэл санаа эрч хүчтэй тархаж байна. Технологи сургалт хоёрыг нэгэтгэх тал дээр
тэр үнэхээр анхдагч нь. Энэ номоор дамжуулан шинийг нээн илрүүлэгч энэ
шинэчлэгчийн талаар бүр олон хүн мэдэж авах болсонд би туйлын баяртай
байна" хэмээжээ.