Хайлт

Tuesday, December 29, 2015

БМДИийн сургагч багш, арга зүйчдэд зориулсан “Хан Академийн нээлттэй хичээлүүдийг сургалтад ашиглах нь” сургалт зохион байгууллаа

                                             



Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй нээлттэй боловсролыг дэмжих төслийн хүрээнд  Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас санаачлан, БМДИийн сургагч багш нар, арга зүйчдэд дунд нээлттэй боловсролын арга хэлбэр болох Хан Академийн нээлттэй хичээлүүдийг сургалтад ашиглах боломжуудын талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үндсэн сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа юм.

БСШУ-ы сайдын 2013 оны 08 сарын 09-ний өдрийн А/287 тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-д заагдсан 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтыг БМДИ-ээс зохион байгуулахаар болсон бөгөөд багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад оролцогчид нээлттэй боловсролын арга хэлбэр болох Хан академийн видео хичээлүүдийг сургалтанд ашиглах боломжууд, тэдгээрийн арга зүй болон суралцагчид нь бие даан суралцах, хичээлээ давтах, эцэг эхчүүдэд хүүхдүүдтэй хамтран суралцах сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглахад нь туслан чиглүүлэх мэдлэг чадвартай болох хэрэгцээ урган гарч байна.

Сургалтыг НМБСийн ХАийн математикийн багийн зохицуулагч Ц.Навчаа багш удирдан явуулж, Хан Академийн нээлттэй видео хичээлүүдийг хэрхэн үр дүнтэйгээр хэрэглэх, сурагч, бие даан суралцагсдад хэрхэн хүргэх, сургалтын хөтөлбөртэйгээ хэрхэн хослуулж ажиллан, сурагчдын бие даан суралцахад яаж уялдуулах талаар танилцууллаа. Мөн сургалтын үеэр нээлттэй боловсролын www.one.mn вэб сайтыг арга зүйч багш нарт танилцуулсан юм. www.one.mn сайт нь багш нарын бэлтгэсэн видео хичээлүүдийг байршуулан сурагч, бие даан суралцагсадад үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг олгодог нээлттэй вэб сайт юм. Түүнээс гадна уг сайтад хүссэн багш нар өөрсдийн хичээлийг байршуулах боломжтойгоороо давуу талтай. Сургалтын үеэр багш нарт нээлттэй хичээл бэлтгэх арга замууд, төхөөрөмжүүд зэргийг танилцуулж Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас эрхлэн гаргасан монгол бичгийн хичээлийг хэрхэн бэлтгэсэн тухай товч харууллаа.
Сургалтын төгөсгөлд оролцсон арга зүйч багш нарын дунд тэмцээн зохион байгуулж, шалгарсан 3 багшийг Нээлттэй Мэдлэг Боловсрлоын Сангаас орчуулан гаргасан “НЭГ Дэлхийн сургууль” номоор урамшуулав. 


Дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалт болох  АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын математик, дэлхийн түүх, мэдээлэл зүй, биологи, багшийн хэрэглэгдэхүүний  хичээлүүдийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас санхүүжүүлэн НМБС, багш нарын өргөн оролцоотойгоор 800 гаруй видео хичээлийг монгол хэл дээр хөрвүүлэн бэлтгэж багш, суралцагч, эцэг эхчүүүдэд нээллтэй, үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар бэлэн болгон www.mn.khanacademy.org  сайтад байршуулаад байна.





Tuesday, December 15, 2015

"Монгол хэл бичиг цахимд" эрдэм шинжилгээний бага хурал боллоо

БСШУЯ болон Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас санаачлан, зохион байгуулсан "Монгол хэл бичиг цахимд" эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагаас Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн Дээд Сургуулийн хүндэтгэлийн танхимд боллоо.


Мэдээллийн технологи, цахим хэрэглээ хөгжиж буй өнөө үед монгол хэл, бичгийн цахим дахь хэрэглээний тухай сэдэв хөндсөн нь цаг үеэ олсон чухал сэдэв гэдгийг хуралд оролцогчид хэлж байв.

Friday, November 6, 2015

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан болон Киносан.мн хамтран "Монгол хэл ба кино" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан болон Киносан.мн хамтран кино урлагаар дамжуулан Монгол хэлний дархлааг хамгаалах, зөв найруулгазүйн жишиг тогтоох, улмаар Монгол хэлний викитоль онлайн тайлбар толийн санг баяжуулах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд маргаантай болон буруу бичигддэг үгсийг эрдэмтэн судлаач, доктор профессорууд болон цахим сүлжээний идэвхтэн гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнг нь зарлаж, жишиг болгон Киносан.мн сайтын мэдээллийн сан болон Викитоль.мон нээлттэй цахим тайлбар толь бичгийн санд оруулж байх юм.

Ингээд эхний хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулж байна.

Орчин цагийн үлгэр домгийн үлэмж шидэт баатрууд болох Аалзан-хүн, Төмөр хүн, Шоргоолж-хүн зэрэг баатруудыг хэрхэн зөв бичих талаар салбарын судлаачдын тайлбарласныг хүлээн авна уу.
Үр дүн: Кино санд
Шоргоолж-хүн http://kinosan.mn/content/1369

Үр дүн: Монгол хэлний викитольд

Зохион байгуулагч


Tuesday, October 27, 2015

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн хуулийн зөвлөх Л.Галбаатар “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй ном гаргажээ

Нээлттэй Мэдлэг Боловсролын сангийн хуулийн зөвлөх Л.Галбаатар хоёр дахь номоо хэвлүүлээд байна. “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй уг шинэ номын арын хавтаснаа зохиогчийг 2013-2014 онд “Мэдээллийн аюулгүй байдлын тухай” болон “Кибер аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төсөл, 2014-2015 онд “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр ажилласан гэжээ.

Тэрбээр мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн цөөн судлаач, хуульчийн нэг  бөгөөд тус номоо эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулсан байна. Тус ном нь үндсэн 5 хэсэгтэй  ба үзүүлэн, нэр томьёо болон “Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргаж “МУИС Пресс” хэвлэлийн газраар хэвлүүлжээ.

Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой. Дашрамд сонирхуулахад Монгол Улсын шүүхээр хоёр ч кибер гэмт хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчид кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зүйлийн талаар мэдэх, суралцах сонирхлоо илэрхийлсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлтгэсэн шүүгчдэд зориулсан сургалтын төлөвлөгөөнд кибер гэмт хэргийн асуудлаарх хичээл багтжээ.



Tuesday, October 20, 2015

“Монгол хэлний толь бичиг зохиох аргазүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас санаачлан 2015 оны 10 дугаар сарын 15-нд МОНГОЛ ХЭЛНИЙ ТОЛЬ БИЧИГ ЗОХИОХ АРГАЗҮЙ сэдэвт хэлэлцүүлгийг Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Хэл Зохиолын Хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн Дээд сургуулийн багш нарын төлөөлөл болон викитоль сонирхогч залуусыг оролцуулан зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт:
1. Толь бичиг зохиох аргазүй, тользүйн аргачлал, стандарт
2. Олон хэлний толь, тользүйн олон улсын чиг хандлага
3. “Монгол хэлний викитоль” танилцуулга, аргачлал
сэдвээр монгол хэл бичиг судлаач, эрдэмтдийн саналыг авч, цаашид бүх нийтийн боловсролд зориулсан монгол хэлний викитолийг олон нийтийн оролцоотойгоор өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Оролцогч талууд уг викитолийг олон улсад өргөнөөр ашиглагдаж буй онлайн толийн бүтэц, чиг хандлага, стандартад нийцүүлж, монгол хэлний онцлогт тохируулан хөгжүүлж буй нь олон нийтийн эх хэлний боловсролд чухал ач холбогдолтой ажил болсонд санал нэгдсэн.





"Монгол хэлний викитоль"-ийг хөгжүүлэх буюу түүнд шинэ үг нэмэх, редакторлож сайжруулах ажил БҮХ ХҮНД НЭЭЛТТЭЙ.

Monday, October 19, 2015

ONE.MN ВЭБИЙН ПРОГРАММЧЛАЛЫГ НЭЭЛТТЭЙ /OPEN SOURCE/ БОЛГОЛОО

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Алкэмист Техноложис компанийн төлөөлөл нээлттэй эхийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах санамж бичигт зурлаа.
Санамж бичгийн зорилго нь нээлттэй боловсролын www.one.mn вэбийн программчлалыг нээлттэй /Open source/ болгож, сургалтын орчин дахь нээлттэй боловсролын технологийг боловсролын салбарынхан, олон нийтийн хүртээл болгосноор төрөөс баримталж буй нээлтэй эхийн бодлогыг дэмжиж, боловсролын салбар дахь нээлттэй эхийн технологийн тасралтгүй хөгжүүлэлтийг хангаж, “OPEN source” төслийг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Багш нар болон олон нийт 2015 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн ONE.MN вэбийн программчлалын нээлттэй эхийг онлайн курс, нээлттэй сургалтууд зохион байгуулах зорилгоор Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмчийн нээлттэй лицензтэйгээр үнэ төлбөргүйгээр ашиглаж эхэллээ. Github. дээр байрлуулсан нээлттэй эх нь хөгжүүлэгчдийн оролцоотойгоор тасралтгүй хөгжих юм. 

Monday, May 18, 2015

"Түүхийг өөрчилсөн номнууд" нэвтрүүлэг: "НЭГ Дэлхийн сургууль" ном


"Түүхийг өөрчилсөн номнууд" нэвтрүүлгийн 5 сарын 13-ны дугаарт Нээлттэй Мэдлэг, Боловсролын Сангаас орчуулан гаргасан "НЭГ Дэлхийн сургууль" номыг танилцууллаа.


Thursday, May 7, 2015

НЭГ Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах үйл ажиллагааны мэдээ.

 Мэдээг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас 2014 оны хичээлийн жилд нээлттэй боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж, дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай нээлттэй сургалт болох АНУ-ын Хан академийн 500 видео хичээлүүдийг монгол хэлнээ орчуулан, багш сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэж, сургалтад хэрхэн ашиглах талаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулсан ажлын үр дүнгээ танилцууллаа. http://mn.khanacademy.org

Wednesday, April 15, 2015

“НЭГ МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЖ УИХ-ЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ


Энд хүрэлцэн ирсэн профессор багш нар, боловсролын салбарын хамт олон та бид чухал үйл явдлын нээлтэд оролцож байна.
Төр засгийн түвшинд, иргэдийн дунд, улс орон даяараа Монгол Улсаа хэрхэн хурдтай хөгжүүлэх вэ, хөгжингүй орнуудын түвшинд хэрхэн хурдтай хүрэх вэ гэдэг сэдвээр байнга хэлэлцүүлэг, ярилцлага явагдаж байдаг. Иргэний танхим ч гэсэн энэ төрлийн хурал зөвлөгөөн явуулдаг газруудын нэг юм.
Монгол Улсын хөдөлгөгч хүч бол боловсрол мэдлэгтэй, чадвартай монгол хүн юм. Үүнээс өөр гарц бодож олоогүй. Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын Эдийн засгийн чуулган дээр “монгол хүний хөдөлмөрийн бүтээмж өдөрт 5 ам.доллар, харин дэлхийн хэмжээнд энэ үзүүлэлт дундажаар 50-60 ам.доллар" гэсэн тоо баримт дурдагдаж байна билээ. Тэгэхээр бид дэлхийн түвшинд ажиллаж, амьдрахын тулд, дэлхийн түвшинд цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин өсгөх шаардлагатай. Гэхдээ бидэнд үүнийг хийх 100 жил байхгүй.
Мэдээж уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил бидэнд бололцоо олгоно. Энэ бололцоог улс үндэстнийхээ тогтвортой хөгжил болгох үндсэн шийдэл бол бид бүтээмжээ богино хугацаанд эрс дээшлүүлэх  шаардлага байна. Тэгвэл бүтээмжээ хэрхэн нэмэх вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ажлын орчин үеийн арга барил, технологи нэвтрүүлэх, хүмүүсээ өндөр мэдлэг, чадвартай болгохоор шийднэ, өөр зам бидэнд байхгүй. 3 сая иргэдээ тасралтгүй суралцаж, хөгжиж байх насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо, боломжоор хангаж, боловсролтой 3 сая иргэнээ өргөнөөр татан  оролцуулах сонголт байгаа. Өөр явах зам үндсэндээ байхгүй гэсэн үг.
Ийм тогтолцоо, боломжийг бүрдүүлэгч-дэлхий даяар эрчимжиж буй шинэ сэтгэлгээ, шинэ хөдөлгөөний үндэс нь “Нээлттэй мэдлэг, боловсролын тухай санаачлага”-ууд юм. 2013 оны 10 дугаар төсөв хэлэлцэж байхад УИХ-аас 2014 оны улсын төсөвт “Нээлттэй мэдлэг боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг дэмжих хөрөнгийг  баталсан. Үүгээр Боловсрол, Соел, Шинжлэх Ухааны яам тендэр зарлаж, "Нээлттэй боловсролын сан" шалгарч, АНУ-ын ХАН академийн эхний 500 видео хичээлийг олон нийтэд, захиалагчдаа хүлээлгэн өгч байна.
Боловсрол, Соёл,Шинжлэх Ухааны яам, “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-тай богино хугацаанд эрчтэй, үр бүтээлтэй хамтран ажилласныг энд тэмдэглэж, УИХ-ын даргын хувьд, мөн энэ санаачлагыг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, Н.Батцэрэг гишүүн, Л.Гантөмөр сайд болон яамны ажилтнууд, “Нэг Монгол” төслийн багт баяр хүргэе.
Эдгээр видео хичээлүүд бол их ажлын эхний үр дүн. Эдгээр видео хичээлүүд манай багш нарт шинэ санаа өгч, тэднийг нээлттэй боловсрол, нээлттэй мэдлэгийн хөдөлгөөнд дуудан оролцуулах дохио болно. Түүнээс бүх асуудлыг үүгээр шийднэ гэж үзэхгүй байгаа юм. Олон мянган багш эрдэмтэд, инженер, мэргэжилтэн, оюутан, сурагчдыг хамарсан том хөдөлгөөн болно бодож байна. Мөн Монгол Улс өөрөө дэлхийн нээлттэй мэдлэгийн санаачлагуудад идэвхтэй оролцож бусадтай мөр зэрэгцэн явах юм.
Улсын төсвөөс энэхүү санхжүүжилтийг баталсан өөр нэг зорилго бол 3 сая иргэнийхээ тасралтгүй сурч боловсрох, чадваржих орчин, дэд бүтцийг бий болгох байв. Миний үеийнхэн бол 10, 20 жилийн өмнө дээд сургууль төгсөөд, одоо миний мэдлэг боллоо гээд орхидог байсан. Одоо нийгэм өөрчлөгдөж, тасралтгүй суралцахгүй бол хоцрогдоно гэдэг ойлголттой болсон байна. 
Нээлттэй боловсролын энэ санаачлагуудад УИХ өндөр ач холбогдол өгч, тууштай дэмжих зорилготой ажиллаж байна. Видео хичээл орчуулахаас гадна Монголын сургалтын бүхий л системд бий болж буй энэ их мэдлэгийг ямар нэг саадгүйгээр суралцахыг хүссэн бүх хүнд хүртдэг байхыг дэмжих чиглэлээр дараа, дараагийн Ажлын хэсэг байгуулсан, мөн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогодоо тусган оруулсан зэргээр УИХ ажиллаж байна.
Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засагтай, дэлхийн 7 тэрбум хүний дунд өрсөлдөн амьдрах чадварлаг иргэдтэй, тасралтгүй суралцаж, хөгжиж байдаг үндэстэн болох зорилготой. Бид 3 сая хүн дотроо өрсөлдөх бага хэрэг болсон, бид дэлхийн бүх хүнтэй өрсөлдөж ажилд орох шаардлага тулгарч байна. Ажил  глобалчлагдаж байгаа учраас тэр хэмжээний мэдлэг, чадварыг шаардаж байна. Нээлттэй мэдлэг боловсрол нь монголын боловсролын бодлогын тэргүүлэх хэсэг цаашдаа болно гэдгийг хэлье. Та бүхэнд амжилт хүсье.
                Анхаарал тавьсанд баярлалаа!
Эх сурвалж:
parliament.mn

Tuesday, April 14, 2015

Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа.

Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд  ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг боловсролын бодлогод тусгаснаар НЭГ зорилготой, мэдлэг чадвартай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын үндсийг шинээр дэвшүүлэн тавьж, интернэт технологид суурилсан, нээлттэй, насан туршийн боловсрол эзэмших боломжийг бий болгож, бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Эдгээр ажлуудыг шат дараатайгаар танилцуулах ажлын эхлэл болгож, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас 2014 оны хичээлийн жилд нээлттэй боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж,  дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай нээлттэй сургалт болох АНУ-ын Хан академийн 500 видео хичээлүүдийг монгол хэлнээ орчуулан, багш сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэж, сургалтад хэрхэн ашиглах талаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулсан ажлын үр дүнгээ танилцууллаа.  http://mn.khanacademy.org  





Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул монгол хэл дээр бүрэн болгож, сургалтын хөтөлбөрт  суусан хичээлүүдийг Хан Академийн видео хичээлтэй агуулгын тохироц хийж,  сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн хэлбэрээр дэмжиж өгөх ажлуудыг 2015-2016 оны хичээлийн жилд үргэлжилнэ.
Төрийн ордны Иргэний танхимд болсон уг арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр нар нээж, ИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Бямбацогт, С.Ганбаатар, салбарын яамны удирдлагууд, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн төлөөлөгчид болон салбарын мэргэжилтнүүд оролцов.



Төслийн үр дүнг танилцуулах ажиллагааг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлэв. Тэрээр “Бид дэлхийн түвшинд ажиллаж, дэлхийн түвшний цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин нэмэх шаардлагатайг харж болно. Бүтээмжээ нэмэгдүүлэх арга бол бид нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ажлын орчин үеийн арга барил, технологи нэвтрүүлэх, хүмүүсээ өндөр мэдлэг, чадвартай болгох юм. 3 сая иргэнд тасралтгүй суралцаж, хөгжиж байх насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо, боломжоор хангах юм. Ийм тогтолцоо, боломжийг бүрдүүлэгч дэлхий даяар эрчимжиж буй шинэ сэтгэлгээ, шинэ хөдөлгөөний үндэс нь Нээлттэй Мэдлэг, Боловсролын Сангийн санаачлагууд юм. Сургалтын системд байгаа мэдлэгийг суралцахыг хүссэн хүн бүр хүртэх боломжтой нээлттэй байхыг дэмжих нь Монголын төрийн бодлогын тэргүүлэх хэсэг байх бөгөөд УИХ энэ чиглэлд өндөр ач холбогдол өгч, цаашид улам эрчимжүүлэхэд тууштай дэмжих зорилго тавьж байгаа” гэлээ.

Тус арга хэмжээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ, орчин үеийн техник, технологийн дэвшлээс сургалтын арга хэлбэрийг ангид авч үзэх аргагүй. Тийм ч учраас Монгол Улсын боловсролын системд цахим сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэн ашиглаж байна. 2014 онд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчдад байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим лаборатори бүтээж, нээлттэй эх үүсвэр болгосон. Харин энэ зорилгын  нэг хэсэг  нь  "НЭГ Монгол" хөтөлбөр юм. Энэ удаад ХАН Академийн 500 видео хичээлийг орчуулан, олон нийтэд хүргэж байгаа бол 2015 оноос онлайн сургалтын системийг монгол хэлээр бүрэн ашиглах, виртуаль ангид суралцах боломжийг бүрдүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ гэлээ. 
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж ажилласан ажлын үр дүнг үнэлж Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн гүйцэтгэх захирал Б.Бурмаа, математикийн багийн ахлагч А.Амарзаяа нарыг  “Хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн бодлогийг хэрэгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хичээл зүтгэлийг үнэлэн талархалын бичгээр шагналаа.



Мөн үйл ажиллагааны үеэр тус Сангийн зүгээс төслийн үйл ажиллагаанд идэвхи санаачилга гарган оролцсон математикийн багийн ахлагч А.Амарзаяа, математикийн багийн гишүүн Ц.Навчаа болон түүхийн багийн ахлагч Н.Нарантуяа нарыг батламж, дурсгалын зүйлээр шагнаж, урамшуулав.





УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Хан Академийн нээлттэй сургалтын видео хичээлүүд бол их ажлын эхний үр дүн. Эдгээр видео хичээлүүд манай багш нарт шинэ санаа өгч, тэднийг нээлттэй боловсрол, нээлттэй мэдлэгийн хөдөлгөөнд дуудан оролцуулах дохио болж байна. Олон мянган багш эрдэмтэд, инженер, мэргэжилтэн, оюутан, сурагчдыг хамарсан том хөдөлгөөн болно бодож байна. Мөн Монгол Улс өөрөө дэлхийн нээлттэй мэдлэгийн санаачлагуудад идэвхтэй оролцож бусадтай мөр зэрэгцэн явах юм.” гэсэн нь төрөөс нээлттэй боловсролын энэ санаачлагуудад өндөр ач холбогдол өгч, монголын багш, сурагчдыг нээлттэй боловсролын давалгаанд нэгдэхийг уриалсан томоохон эхлэл боллоо.



Thursday, February 26, 2015

"НЭГ Дэлхийн сургууль" ном


НЭГ Дэлхийн Сургууль ном
Монгол хэл дээр орчуулагдлаа.
11
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас Хан Академийг үүсгэн байгуулагч Салман Ханы боловсролын талаар өгүүлсэн "Нэг Дэлхийн Сургууль" номыг орчуулан гаргалаа. Энэхүү номонд Сал Хан анх удаа ирээдүйн боловсролын талаарх радикал үзэл бодлоо илэрхийлсэн төдийгүй өөрийн гайхалтай түүхийг өгүүлсэн юм.
Уг номын талаар Микрософт корпорацийн үүсгэн байгуулагч БИЛЛ ГЕЙТС "Бусад хүмүүсийн адил эдгээр гайхалтай хэрэгслийг хүүхдийнхээ хамт хэрэглэж байж л Салман Хан болон Хан Академийн талаар мэдэж авсан. Технологи хэрхэн боловсролын үндсээр нь өөрчлөн талаар Ханы үзэл санаа эрч хүчтэй тархаж байна. Технологи сургалт хоёрыг нэгэтгэх тал дээр тэр үнэхээр анхдагч нь. Энэ номоор дамжуулан шинийг нээн илрүүлэгч энэ шинэчлэгчийн талаар бүр олон хүн мэдэж авах болсонд би туйлын баяртай байна"хэмээжээ.

НЭГ Дэлхийн Сургууль номын “Хэрэгцээ хангахаа байсан загвар” хоёрдугаар бүлгийн "Тогтсон хэв загварт тавих асуулт" нэгдүгээр хэсгээс...
"...Ойлгомжгүй байдал, явцуу боловсрол хоёр нийлж дутагдалтай, дууриамал зүйлсийн үндсийг таригч болдог бөгөөд хуучирч тогтсон амьдралын хэв загвар түүнийг байнга нэмэгдүүлж байдаг. 
Мэйри Астэлл


... Нэгэнт тогтсон амьдрах дадал, зуршлын ноёрхол хүн төрөлхтний хөгжил дэвшилд байнгын саад тотгор үзүүлж ирсэн байдаг. 
Жон Стюарт Милл



Энгийн гэдэг бол дасаж дадсанаараа байхыг өгүүлнэ. Нэгэн хэвээр дадаж хэвшсэн хүний үйлдэл, тийн үүсч тогтсон байгууламжууд угаасаа л байж ирсэн, яах ч аргагүй бүр анхнаасаа нэг мөр шийдчихсэн мэт ойлгогдох нь хүмүүний салшгүй нэгэн мөн чанарыг илтгэж буй мэт. Хэдийгээр хий хоосон ч энэ мэдрэмж балар эртнээс хүний үйлдэл болон нэгэнт тогтсон системийг урт удаан хугацаанд тогтоон барьж, болж бүтэхгүй нь ил тодорхой болчихоод байлаа ч түүнийг амьдруулах гол сэжим нь болсоор иржээ. Бидний ихэнхийн туулж өнгөрүүлснээсээ мэдэж авснаар бол энэ яриангүй боловсролын системийн нөхцөл байдал мөн. Үүнийг анзаарахгүй өнгөрч болохгүй, чухал хүчин зүйлд тооцох учиртай.

Бидний соёлын бүрэн цогц байдалд хамаарах бас нэгэн хэлбэрээр агуулагдаж буй түүнгүйгээр хүмүүс хорвоо ертөнцийг төсөөлөхийн аргагүй бөгөөд тийнхүү төсөөлөхөөс ч тэдэнд аймаар санагдах ажээ.
Хэрэв бид харагдаж буй чин зорилгодоо хүрч боловсролын системийг утга учиртай өөрчлөхийг хүсвэл үнэхээр хичээллэх ба сурах хоёрыг өнөөгийн ертөнц хаа байгаа тэр газарт дөхүүлэн авчирч дөнгөвөл боловсролын өнөөг хүртэлхи тогтож хэвшсэн хөдлөшгүй нэг загвар үнэндээ зайлшгүй зүйл биш юм байна гэдгийг хамгийн эхэнд ойлгох болно. Энэ бол мэдээж хүний хөдөлмөр. Тодорхой арга замыг тэр бидэнд хөгжүүлж өгсөн ч бас бусад өөр арга замууд боломжтой байж. Өдгөө бид бүхэн нандигнан дээдлээд байгаа тогтолцооны хэсгүүд жишээ нь танхимын хичээлийн хугацаа эсвэл “бага” “ахлах” гэж хуваагаад байгаа сургуульд суралцах жилүүдийг анх сайн дураар, бүр санаанд оромгүй тохиолдлоор ч гаргаж байсан үзэгдлүүд ажээ. Одоогийн хуучинсаг хэмээн үзэгдэх болсон зүйлсийг тухайн үед харин эсрэгээр хэт туйлшрал явагдаж байна гэж үздэг байж... "

Tuesday, February 17, 2015

БСШУЯны бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн багийн гишүүд болон БМДИийн арга зүйч багш нарын дунд Нээлттэй боловсролын сургалт зохион байгууллаа




                                                 




БСШУЯны бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн багийн гишүүд болон БМДИийн арга зүйч багш нарын дунд 
Нээлттэй боловсролын сургалт зохион байгууллаа

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй нээлттэй боловсролыг дэмжих төслийн хүрээнд  Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас санаачлан БСШУЯны бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багийн гишүүд, БМДИийн арга зүйч багш нарын дунд “Нээлттэй боловсролын Хан Академи, Гүүглийн сургалтын багцийг сургалтад ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. 
Сургалтад Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн төлөөлөл, НМБСын ХАийн математик, түүхийн багийн гишүүд оролцож нээлттэй боловсролын арга хэлбэрүүдийг сургалтад ашиглах шинэ боломжуудын талаар арга зүйч багш нар болон хэрэгжилтийн багийн гишүүдэд хичээл заалаа.
НМБСийн ХАийн дэлхийн түүхийн багийн ахлагч Н.нарантуяа багш ХАийн нээлттэй видео хичээлүүдийг хэрхэн үр дүнтэйгээр хэрэглэж болох талаар танилцуулсан бол НМБСийн математикийн багийн гишүүн Ц.Навчаа ХАийн видео хичээлүүдийн сургалтын хөтөлбөртэй хэрхэн уялдуулан ашиглаж болох талаар заалаа. 

Мөн сургалтын үеэр Гүүгэл боловсроын онлайн багцыг сургууль, багш нар, сурагчид сургалтандаа ашиглахын давуу талуудыг танилцуулсан байна. Гүүгэл боловсрлын багц нь их дээд, дунд сургуулиудад үнэ төлбөргүй олгодог онлайн сургалтын багцын цогц үйлчилгээ бөгөөд манай улсад НМБС хариуцан сургуулиудад олгодог юм.

Дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалт болох  АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын математик, дэлхийн түүх, биологийн  хичээлүүдийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас санхүүжүүлэн НМБС, багш нарын өргөн оролцоотойгоор 513 видео хичээлийг монгол хэл дээр хөрвүүлэн бэлтгэж багш, суралцагч, эцэг эхчүүүдэд нээллтэй, үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар бэлэн болгон www.mn.khanacademy.org  сайтад байршуулаад байна.








Thursday, January 29, 2015

Хос хэлний сургалттай лаборатори сургуулиудад нээлттэй боловсролын арга хэлбэр Хан Академийн видео хичээлүүдийг сургалтад ашиглах, Гүүгэл боловсролын онлайн багцын хэрэглээг таниулах сургалт боллоо.








БСШУЯны дэмжлэгтэйгээр нээлттэй боловсролын арга хэлбэр Хан Академийн видео хичээлүүдийг сургалтад ашиглах, Гүүгэл боловсролын онлайн багцын хэрэглээг таниулах сургалт зохион байгууллаа.

Сургалтад Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн төлөөлөл оролцож, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Балжинням нээж, БСШУЯ-наас нээлттэй боловсролыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд тэр дундаа Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн хэрэгжүүлж буй ажлыг танилцуулснаар эхэллээ. НМБСийн ХАийн дэлхийн түүхийн багийн ахлагч Н.Нарантуяа хос хэлний сургалттай сургуулиудад  ХАийн нээлттэй видео хичээлүүдийг хэрхэн үр дүнтэйгээр хэрэглэж болох талаар танилцуулсан сургалтаар үргэлжиллээ. Үүний дараа НМБСийн захирал Б.Бурмаа цахим орчин дахь оюуны өмч буюу Creative Commons лицензийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Сургалтын үеэр Гүүгэл боловсроын онлайн багцыг сургууль, багш нар, сурагчид сургалтандаа ашиглахын давуу талуудыг танилцуулсан байна. Гүүгэл боловсрлын багц нь их дээд, дунд сургуулиудад үнэ төлбөргүй олгодог онлайн сургалтын багцын цогц үйлчилгээ бөгөөд манай улсад НМБС хариуцан сургуулиудад олгодог юм.